Тулган шаардаж байгаагаа Тунхаглан зарланам би !!!


Өнөөдрөөс хагас жилийн өмнө өндөр бай амалсан нэгэн тэмцээн зохиогдсон билээ. Түрүүлсэнд нь азарга азаргаар агт морьд, авдар авдраар алт мөнгө, наран талдаа цонхтой сүүпер засвартай гурван өрөө байр, хотын төвд ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой 0,07 га газар гээд юу эсийг амалсан гээ. Удаалсанд нь уут сав дүүрэн шүр сувд, ууж барахгүй архи пиав, унаж барахгүй машин тэрэг, унтаж ханахгүй нууц амрагаар хөхиүлэн шагнахаар хаа сайгүй зар түгж, хайхрамжгүй хүнийг хүртэл хачин болгож байв. Амтай бүхэн тэр тэмцээнийг шагшин ярьж, аргатай болгон ар өврийн хаалга хөөцөлдөж, арга чарга сүвэгчилж явсан цаг.

Трилионоор хэмжигдэх шагналын сантай тэрхүү тэмцээнд орж түрүү магнай болохын тулд би гэдэг хүн албан ажлаасаа гараад, амраг хайртуудаасаа салаад, өдөр шөнөгүй судалгааны материал шүүж, өөд уруугүй бэлдсэний хүчинд зорьсондоо хүрч, зоорь хөрөнгө хураах суурийг тавьсан билээ. Түрүүлсэн нь тодорхой болсон байсан тул урьдчилаад өргөн дэлгэр найр хийж, төрийн түшээд, топ татвар төлөгч бизнесмэнүүд, рок попын одод, орос монголын олигархуудыг урьж, наргин цэнгэж нанчилдан зодолдож явсан ч удаатай. Алдар хүндээрээ хүртэл дэнчин тавьж Айдиа нэрээ “Худалч хүүхэн”-ээр сольж, үхэхээс бусдыг үзэж, өмдөндөө сур харваж явсанаа нуух юун.


Энэ явдлын цаад шалтгаан нь амласан шагнал дээрээ унжсан алдарт дөрвөн бачка билээ. Банжиг сайтаар овоглосон балай голдуу дөрвөн нөхөр өгнө гэснээ өгөхгүй өнөөг хүртэл унжсаар яваад учир байна. Сүүлдээ бүр шагналаа авъя гэхээр шазуур зууж хэл амаар доромжлон, түрүүлсэн намайг түмэн шидээр хэлж “Шунангоо”, “Шуургацэцэг”, "Идэж уухын донтон", "Эд мөнгөний тантан" гэх мэтээр нэрлэж, дундын чаат, нийтийн сайтуудаар нэг бус удаа нэр хүндэд минь бүдүүлгээр халдаж байсан юм.


Энэ бүх зовлон бэрхшээлийн дунд их аварга миний бие хүйтэн үгэнд жиндэж, хуй салхинд гундаж, хөнгөн санаа алдаастай, хөх дэлэн хавдаастай он цагийн нугачааг ороо бусгай өнгөрүүлж явав. Азаар харин ганцаараа биш гэдгээ арай хожуу боловч ухааран, зуузай холбон давхисан дөрвөн ижлээ олж, зузаан хорсол бүхий хороо холбоо байгууллаа.

Нэгэн үзүүр сэтгэлээр зорилго нэгдсэн бид тав Нэхэн шагнуулах хороогоо албан ёсоор бүртгүүлээд, шар нохойтой шалчгар дөрвөн матраас шангаа авч шавайгаа хангахаар шазуур зуун ажилдаа орсоноо мэдэгдэж байна.


Гаамп, Битмийн, Галавсай, Хөхтолбот хэмээх харах царайны үл бүтэх төрхтэй, сонсох царайны чихэнд үл чимэгтэй, хэлсэн ярьсанаасаа буцдаг хэдэн бүтэхгүй нөхөдтэй хэрэлдэн уралцаж хэмхлэлдэн тэмцэлдэхэд бэлэн байна.

Миний бие эрхлэх ажлынхаа хүрээнд, Хэвлэл мэдээлэл, хэрүүл тэмцэл, хэл амны асуудал эрхэлсэн даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсоны хувьд дараах хэдэн арга хэмжээг даруй авахаар бэлтгэж байна.

- “САПУ-гийн Алтан авгай шиг бай л даа”, “Хошгироод хохирсон түүх буюу хорслын таван хуруу” гарчигтай баримтат нийтлэлүүдийг бичиж өдөр тутмын сонинууд, портал сайтуудаар олны хүртээл болгох

- Таван биенийхээ батиарыг томоор татуулж Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хорооны үүдэн дээр өлгөж, шуурхай жагсаал цуглаан зохион байгуулах. Үүндээ Баасан эгчийг ерөнхий зөвлөхөөр, Батзанданг хөндлөнгийн ажиглагчаар татан оролцуулах.

- Банжигийн дөрвийг зохих ёсны шаардлага хүлээж авахгүй бол хэрхэн зулын гол болгох талаар бүх нийтийн санал асуулга явуулах

- Уралдааны комисс болох унхиагүй дөрвийн талаар эмгэнэлт хошин шог найруулж энэ улиралдаа багтаан Драмын театрын тайзнаа тавих

- Ирэх долоо хоногт болох “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” арга хэмжээн дээр хулхин дээр цэцэг ургуулагч нөхдийг овог нэр, албан тушаал, блог хаягтай нь зарлаж, төрийн тэргүүний сонорт хүргэх

- Өрсөлдөгчдийн зүгээс ирж болзошгүй сөрөг дайралтаас урьдчилан сэргийлж, хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэл бичиж хүргүүлэх, хуучин найзалж үерхэж явсан цэрэг цагдаагийн ажилтнуудын дунд гүзээ харвалтын тэмцээн зохиох

- Байр эзлээд шагналаа авч чадалгүй бүтэн жилийн нүүр үзэх гэж байгаа хохирогсдод нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих

- Бие болоод сэтгэл санааны хохирлоо Банжигийн балай голдуу зантай, бараан голдуу царайтай нөхдөөс гурав дахин нугалж гаргуулах тухай нэхэмжлэх үйлдэж, Сангийн сайдаар цохуулах

- “Ухаантай чадалтай хүнд амьдрах орон зай байна уу энэ хорвоод?” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдааныг хүүхэд залуусын дунд зохиож, дүгнэх

- “Ур чадвар сайтай хүмүүсийг зүгээр байхад нь зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэн шидэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохиох

Эдгээр ажлыг Хэвлэл мэдээлэл, хэрүүл зарга хариуцсан албаны дарга миний бие ирэх долоо хоногт багтаан зохион байгуулж, олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа орсныг хорсолтойёо мэдэгдэж байна. Хулхидагч этгээдүүдэд сануулахад хугацаанаас өмнө амжиж уучлал гуйх буюу Нэхэн шагнуулах хорооны гишүүн бүрийг нэжгээд архи, пиаваар дайлвал асуудлыг дахин эргэж харахыг анхааруулъя. Холбогдох бусад ажил үүргийг манай албадын дарга нар хуваарилан авч, дор бүрнээ бэлтгэл хангаж байгаа болохыг тунхаглаж байна.


Хэвлэл мэдээлэл, хэрүүл зарганы асуудал эрхэлсэн албаны дарга, “Худалч хүү-2008” тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, амандаа соёотой, араандаа хөрөөтэй, хэрүүлийн ухааны доктор Айдиа

8 comments:

  1. Anonymous said...

    Хохирлыг гуруу биш гуч дахин нугалуулах санал гарчийн эндээс.

  2. Unknown said...

    Гайлвайна.
    Тэр миний холбоосыг буруу хийчиж.
    Таануусаас хулхидаж олсон хэдээрээ КОМ-той домайн авсын.
    Баримттай нь дээр тэрүүгээр нь тавьчих.

    Аа тэгээд арсалдуул арсалдаад өрсөлдүүл өрсөлдөөд явчий.
    Маниус хэлэлцээд хороо мороогоо байгуулнаа.
    Бид ч бас 5-уулаа
    Тэхээр даргаар нь айда руу галавсайг турхирч
    Муугаар нь Юки рүү шар нохойгоо тавилаа.
    Гэх мэт хүчээ хуваарилаар болжийно.
    Таануус яажийна чичирчийнэ уу

  3. Мика /美香/ said...

    Ха ха ха, Ширүүхэн юм болохнээ энэ чинь. Холоос ажиглалт, шалгалт хийгээд суудаг хэргээ

  4. anjigai said...

    За зүгээр байгаараа хампаануудаа. Би наад тэмцээнд чинь түрүүлээд Пиллифин улсад амраад ирсийшд. Юм шудрага сайхан нь дээр шүү. Хиа хиа хиа

  5. Pearle Deppsu said...

    би Аудит хийгээд л сууж байя

  6. Galzuudleo said...

    гал гарсан юм болох нь дээ хэ хэ

  7. Amgaa said...

    Ёстой зөв юм бичсэн байна ш дэ.
    Би лав танай тал шүү.

  8. Энзо ба Эрх чөлөө said...

    Энэ сөргөлдөөн өнгөрснөөс 2 жилийн дараа уншаагүйсан бол хэл амаа хуурайдаад хүзүү үсээ зулгаалцах л байсийн байна.

Post a Comment